Дижитал харилцаа холбоо өөр юунд ч баймгүй их хүчээр нийгмийг эзэлж, хүн техник технологигүйгээр нэгэнт амьдарч чадахаа больжээ. Гэхдээ үүнд Шерри Туркль шиг олон эрдэмтэн эмзэглэж байна. АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн профессор тэрээр 1970-аад оноос хойших хүн, компьютер хоорондын харилцааг судалдаг нэгэн.
Хатагтай Туркль “Дэлгэцнээс хамааралтай амьдрал: Интернэтийн эрин үед өөрийгөө олох нь”, “Хамтдаа атлаа ганцаараа: Бид яагаад технологиос ихийг, нэгнээсээ багыг хүснэ вэ”, “Харилцан яриаг сэргээх нь: Дижитал ертөнц дэх хэл ярианы хүч” зэрэг номын зохиогч юм. Түүний “TIME” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
-”Хамтдаа атлаа ганцаараа” ном компьютерийн анхны программууд болон цахим ертөнцийн тухай таны бичсэн өмнөх хоёр номтой нийлээд цогц бүтээл болжээ. Дэлхий нийт тооцоолуур ашиглаж эхэлснээс хойш бараг 30 жил улирсан байна. Энэ хугацаанд хүний технологид хандах хандлага хэр өөрчлөгдөв?
-Хүн технологиос сүрддэг, дэвшилтэт талыг нь биширдэг хэвээрээ байгаа. Харин өнгөрсөн хугацаанд хамгийн их ажиглагдсан зүйл гэвэл хүн хэчнээн эмзэг, бүтээсэн нүсэр зүйлсийнхээ өмнө хэчнээн хүчин мөхөс байдаг нь улам батлагдсан. Гар утас л гэхэд хүний оюун ухаанд ямар их нөлөөлөх болсныг хар л даа. Ухаалаг гар утаснаасаа хамаг амьдрал нь хамааралтай болсон хүн бидний дунд олон байна.
-Таны хэд хэдэн номонд одоогоор түгээмэл болоогүй зүйлсийг нэлээд дурдсан байдаг. Асрагч робот, роботон тэжээвэр амьтан, бүр сексийн хамтрагч роботын тухай хүртэл бичиж. Робот өнөөхөндөө дижитал хэрэглээний нэг хэсэг биш. Тэгэхээр ухаалаг утас шиг нөлөөтэй болоогүй баймаар?
-Би роботын тухай үе үе онцолдог нь технологийн хэт хөгжлийн айсуй аюулыг л анхааруулсан хэрэг. Гар ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэж, орон зайг багасгах үүргээ технологи хэдийн гүйцэтгэсэн. Харин орчин цагийн технологийн хөгжил үндсэндээ боломжгүй зүйлсийг боломжтой болгох, цахим ертөнцийн бүх л ололтыг гайхуулахад чиглэж. Гэвч хүнд ямар нөлөөтэй вэ, байгалийн анхдагч хэв, хэмнэлийг яажшуухан өөрчлөх вэ зэрэгт технологийн салбарынхан санаа тавихаа бараг больсон. Үүний хамгийн тод илрэл бол робот бүтээгчдийн улайрал юм. Тэднийхээр робот технологийн бүх цаг үеийн хамгийн “амьд” бүтээл. Хүүхэд, залуус төмөр атлаа бүхнийг мэддэг, чаддаг найзтай болохыг улам хүсдэг болж. Сүүлийн 30 жилд нийгэмд технологитой холбоотойгоор хамгийн их өөрчлөгдсөн хандлага бол хүнтэй төстэй робот бүтээх боломжгүй гэх ойлголт бараг үгүй болсон явдал юм. Энэ талаар хүмүүс ярилцахдаа ч дуртай байдаг. Гэвч ямар ч чадварлаг робот хүнийг орлохгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа атлаа ийм зүйлсэд татагдаж байгаа нь харамсалтай. Үүнийг л анхааруулах гэж роботтой холбоотой олон баримт дэлгэсэн. Техник технологийн хөгжил нэг арван битгий хэл жилээр ч хэмжигдэхээ байж, өдөр хоног, сараар дэвшиж байгаа энэ үед машины ноёрхол ердөө л цаг хугацааны асуудал юм.
-Тэгэхээр бид “амьд” роботуудтай яаж харилцах ёстой вэ. Огт бүтээхгүй байя гэхээр технологийн дэвшил нэг талаар зогсоно. Харин боловсронгуй болгох гэж зүтгэвэл хожим хүний дайсан болж мэдэх дийлдэшгүй цэргүүдийг үйлдвэрлэх гээд байдаг?
-Роботыг бид чухам ямраар хүлээж авах вэ гэдэг л чухал. Одоо түгээмэл байгаа “Юу ч үгүй байснаас дээр” гэсэн хандлага “Бусдаас дээр” гэсэн тодорхойлолтоор солигдвол жинхэнэ аюул болно. Өөрөөр хэлбэл, “Роботон гөлөг байвал сайхан аа. Би амьтны үс ноосны харшилтай” гэдэг яриа “Дуулгавартай робот-нохой өвдөхгүй, үхэхгүй. Тэгэхээр шилдэг нь” гэсэн үгээр солигдохыг л би аюул гээд байгаа юм.
-Үүний цаана хүний харилцаа, сэтгэл зүйн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Гар утас, компьютер, роботон амьтнаа гэсээр олон хүн нийгмээс хөндийрнө гэж үздэг мэргэжилтнүүдтэй та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Үүнд зовнидог хүний тоо хэдийн шинжлэх ухааны хүрээллээс хальсан. Орчин цагийнхан ярилцахаас илүү мессэж бичихийг, уулзаж танилцахаас илүү бичил блогоор нэгнийхээ зураг, бичлэгийг сонирхохыг илүүд үзэж байна. Энэ бүхэн хяналттай холбоотой. Харилцааны цахим хэлбэрүүдийг хүн хувьдаа тохируулж, цаг хугацаа, орон зайн илэрхийллийг нь ашигтайгаар өөрчилж болдог. Энэ нь зарим талаар давуу шинжтэй ч сэтгэл зүйн ухааны үүднээс судалбал хүнийг сул дорой болгож байна. Харилцааны цахим хэрэгслүүд бүгд хүний хяналтад байдаг нь хүнийг дотно, шинэ мэдрэмжээс эмээдэг болгох аюултай. Шинэ номын маань хоёрдугаар бүлэгт миний туршилт, судалгаануудын үр дүн багтсан байгаа. Судалгаанд хамрагдсан өсвөр насныхны 40 хувь нь “Надад тэр таалагддаг” гэсэн бодол зурсхиймэгц “Мессеж бичье, утасдъя. Бичвэр дээр нь сэтгэгдэл үлдээчихье” гэж боддогоо ярьсан. Энгийн зүйл мэт боловч энэ нь ирээдүйн аймшигт үзэгдлийн эхлэл. Дэлхий дахин бүл нэмээд ч нэмэргүй. Учир нь бид бүгдээрээ цахим сүлжээнд орооцолдсон ганцаардмал хүмүүс болно. Магадгүй бид байгалийн унаган гоо сайхныг мэдрэх, гар утас, компьютергүй энгийн харилцааны тухай ойлголттой хамгийн сүүлийн үеийнхэн ч байж мэднэ.
-Таны судалгаанууд үнэхээр сонирхолтой санагдсан. Ялангуяа гэр бүлийн оройн зоогийн дүр зураг аргагүй төсөөлөгдөж байна билээ?
-Орой гэлтгүй өглөөний цай, өдрийн хоолны үеэр ширээн дээр гар утсаа тавьдаг, хажуудах хүн нь утсаар байнга ярьдаг юм уу, мессеж бичдэг гэсэн хариулт миний судалгаанд хамрагдсан ихэнх хүүхдээс ирсэн юм. Гэрийнхнийх нь байнгын түгшүүртэй, ямар нэг юм хүлээж байгаа мэт байдал хүүхдүүдийг ганцаардуулдаг нь тогтоогдсон. Миний асуултад хариулсан бага, өсвөр насныхны 56 хувь нь гар утас, iPad, зөөврийн компьютерээсээ салдаггүй ажил хэрэгч эцэг эх нь өөрсдийг нь огт тоохгүй байх шиг сэтгэгдэл төрдөг гэсэн.
-Бага, өсвөр насныхны дунд ганцаардах, бухимдах нэмэгдсэн нь таныхаар технологитой холбоотой гэж ойлгож болох уу?
-Яг ч тийм биш. Тэд зүгээр л төөрөлдчихөөд байгаа. Томчууд ч ялгаагүй. Өөрсдөө л мэдэхгүй болохоос томчуудын дунд гар утасны цангинасан дуунд бухимддаг атлаа байхгүй болохоор нь гар мухар мэт болдог улс олон шүү дээ. Тиймээс л би нэг номоо “Хамтдаа атлаа ганцаараа” гэж нэрлэсэн. Сайт, блог, мессенжер, мессеж, чаат гээд цахим харилцааны олон хэлбэрээр холбогдож, нэгдэж чадаж байгаа атлаа орчин цагийнхан дор бүрнээ ганцаардмал хувь хүн болчихжээ гэдэг санааг л би дэвшүүлсэн юм. Цаг улирах тусам энэ аюул бүр ч нэмэгдэнэ. Хэдхэн зуун жилийн дараа ганцаардлыг мэдэхгүй атлаа ганцаардмал хүмүүсээр дэлхий дүүрнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна