Удирдаач Карл Элиасберг 1942 оны эхээр Дмитрий Шостаковичийн Долдугаар симфонийг сургуулилах удирдамж хүлээж аваад нэг хэсэгтээ л учраа олохгүй барьц алджээ. Түрүү оных нь арванхоёрдугаар сард Чайковскийн “1812 он” удиртгал хөгжмийг тоглосноосоо хойш Ленинградын цорын ганц найрал хөгжим болох хотын Радио оркестр үүдээ бариад байв. Ийм үед Элиасбергийг сургуулилалт болох тухай зарлахад ердөө 15 хөгжимчин ирсэнд гайхах аргагүй юм. Тэрхүү 15-ын нэг нь жимбүүрч Ксения Матус байж. Тэрээр олон жилийн хойно мөнхүү үеийг дурсахдаа “Сургуулилалт болохыг дуулаад жимбүүрээ засуулах гэж засварчин хайж өчнөөн явж билээ. Тэгээд нэг хөгшин засварчин олтол хөөрхий өвгөн “Мөнгө хэрэггүй. Харин ганц муур олоод өгчих. Муурны мах тахианыхаас арай амттай байдаг юм” гэж билээ” хэмээн ярьсан байдаг.
Долдугаар симфонийн анхны сургуулилалт эхлээд ердөө 15 минутын дараа завсарлах шаардлагатай болжээ. Өлсгөлөнд нэрвэгдэж, удаа дараагийн бөмбөгдөлтөд өртсөн хөгжимчид хөгжмийн зэмсгээ ч өргөх тэнхэлгүй байж. Нэг ч өнгө дуугаргаж чадаагүй хөгжимчин ч тэдний дунд байсан гэдэг. Иймд шинэ хөгжимчид олох хэрэг гарчээ. Зөвлөлтийн эрх баригчид фронтын дайчдаас чадварлаг хөгжимчдийг татаж, найрал хөгжмийн бэлтгэл рүү илгээв. Цэргийн хөгжимчид байлдааны тушаал гүйцэтгэхийнхээ завсар найрал хөгжмийн сургуулилалтад оролцох боллоо.
Ленинградын консерваторид ажиллаж байсан Шостакович алдарт симфонио германчуудыг ЗХУ руу халдахаас өмнө зохиож эхэлсэн байх магадтай ч гагцхүү дайн эхэлсний дараа л уг бүтээл дээрээ уйгагүй ажиллах болжээ. Ленинград хот 1941 оны есдүгээр сард дайснуудад бүслэгдэхэд тэрээр хотоос гаралгүй үлдсэн агаад хэдэн нөхдийн хамт эхлүүлсэн төгөлдөр хуурын концерт нь удаа дараагийн бөмбөгдөлтөөс болж тасалдаад байв. Шостакович аравдугаар сарын 1-нд хотыг орхиж болно гэсэн зөвшөөрөл хүлээн авлаа. Харин түүнийг хотоос явсны дараа Ленинградын иргэд хоол хүнсээр гачигдаж муур, нохой, морь, харх гээд аль таарсан амьтныхаа махыг идэх хүртлээ өлсгөлөнд нэрвэгдсэн билээ. Бүр бүрлээчдийнхээ цогцсоор голоо зогоох тохиолдол ч байсан гэдэг. Ленинградынхан өлсгөлөнд нэрвэгдсэнээс гадна өдөр бүр Германы агаарын довтолгоон дор зүдэрч байв. 1941-1942 оны өршөөлгүй хахир өвлийг давж гарсан хүмүүсийн хожим дурсан ярьснаар үхэж үрэгдэгсэд дэндүү олон байснаас тэднийг оршуулах хүн ч олдохоо байж, хаа сайгүй хүн, амьтны хүүр, сэг зэм овоорох болжээ.
Байдал ингэтлээ дордсон ч Элиасберг хөгжимчдөө хатуу сахилга баттай байлгахыг хичээж байв. Муу тоглосон юм уу, сургуулилалтаас хоцорсон хэнбугайг ч, бүр ойр дотнын хүнээ оршуулахаар чөлөө авсан, хожимдсон хүнийг ч хатуу шийтгэн, талхны нормоос нь хасах боллоо. Хөгжимчид долоо хоногийн зургаан өдөр сургуулилан, шинэхэн симфонийг хэсэг хэсгээр нь “эвлүүлж” дуусчээ. Ингээд тоглолтын өдөр буюу 1942 оны наймдугаар сарын 2 болоход (Гитлер энэ өдөр Ленинград хотыг буулгаж авснаа тэмдэглэнэ хэмээн зарлаж байсан учир Зөвлөлтийн албаныхан зориуд энэ өдрийг сонгожээ) найрал хөгжимчид шинэ бүтээлээ өмнө нь ердөө ганц удаа бүрэн эхээр нь тоглож үзээд байв. Тоглолтын тов гарахын өмнөхөн Зөвлөлтийн арми хотыг бүсэлсэн Германы хүчний олон гол шугамын нэгийг сэтэлж, тарж бутарсан хэсгийг нь зогсоо зайгүй бөмбөгдөн амжилттай тулалдсанаас тоглолтыг ямар нэгэн саадгүй, бөмбөгдөлт дэлбэрэлтийн дуу чимээгүй явуулах боломж ч бүрджээ.
Тоглолтын өдөр болоход хотын энд тэнд аварга том дуу өсгөгчид байрлуулсан нь бүслэлтэд буй хүмүүсийн санаа сэтгэлийг өргөх, басхүү германчуудад Ленинград хотынхон бууж өгөх болоогүй шүү гэдгийг харуулах зорилготой байлаа. Өдгөө 95 настай Ольга Квадегийн дурссанаар дайн дажны хөлд эмээ, өвөө, аав, ах нараа алдсан тэрээр дайн эхэлснээс хойш анх удаа чухам тэр өдөр л цааш амьдрах итгэлээ олж авах шиг болжээ. Тэрээр “Гялалзсан гэрлийн бүрхүүл, хэдий гэдэс хоосон ч цэмцгэр сайхан хүрэмтэй, эрвээхий зангиатай эрчүүд гээд юм бүхэн яг л зүүд зэрэглээ шиг санагдаж билээ. Бүслэлт, бөмбөгдөлт, үхэл хагацал, оршуулга, өлсгөлөн зэрэг үгс тэр өдөр онхи мартагдаж, бүгд утгаа алдах шиг санагдсан. Тоглолтын туршид би германчууд л битгий гал нээгээсэй, энэ хөгжимчдийг гүйцэд сайн тоглуулаасай гэж залбирч байлаа” хэмээн ярилаа.
Тоглолт дууссаны дараа их танхимд хэдэн хором нам гүм болжээ. Жимбүүрч Ксения Матусын дурссанаар тэр хэдэн хормын дараа гэнэтхэн аянга цахилж, аадар нүргэлэх мэт их чимээ гарсан нь үзэгчдийн чангаас чанга алга ташилт байв.
Шостакович энэхүү симфонио дахин нэг жил хагасыг бүслэлтэн дунд зовж зүдрэн өнгөрөөсөн Ленинградын иргэдэд өргөх зориулал бүтээл болгожээ. Улаан армийнхан 1944 оны нэгдүгээр сард Германы бүслэлтийг сэтэлж, Баатар хотыг сая нэг чөлөөлсөн байдаг. Тэгэхэд хотын иргэдийн бараг гуравны хоёр нь амь үрэгдсэн байлаа.
Долдугаар симфонийн анхны удирдаач Карл Элиасбергт 1950-иад оны дунд үед Зүүн Германы хэсэг жуулчидтай уулзаж ярилцах завшаан олджээ. Ленинградын уугуул, өдгөө Америкийн иргэн болсон нэрт удирдаач Семён Бычковын ярьснаар тэдний дунд Элиасбергийг зорьж ирсэн ахимаг насны хэдэн эрчүүд байсан нь Ленинградын бүслэлтийн үед хотын захад үүрэг гүйцэтгэж явсан герман цэргүүд байж. Тэр үед германчууд ч ялгаагүй өлсөж ядран, айж эмээж байсан ч өөр сонголтгүйдээ тэнд байсан, тиймдээ ч олонх нь амиа алдсан билээ. Мөнөөх жуулчдын хэлснээр Шостаковичийн симфонийг герман цэргүүд ч бас чих тавин чагнажээ. Зарим нь бүр нулимсаа барьж дийлээгүй гэдэг.
Элиасберг Баатар хотын симфонийг дахин хэд хэдэн удаа удирдан тоглуулжээ. Гэвч энэ нь түүний удирдаачийн карьерийн сайн сайхан эхлэл байсангүй, түүнийг хэн ч Зөвлөлтийн баатраар өргөмжилсөнгүй. Элиасберг төд удалгүй мартагдаж, 1978 онд таалал төгссөн байна. Долдугаар симфони харин Шостаковичийн гол бүтээл туурвилын нэг болж, жинхэнэ нэрээрээ биш, Ленинградын симфони нэрээр алдаршсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.