Арав.мн

Гайхамшигт сац суваргууд

Гайхамшигт сац суваргууд

Дэлхий дээрх гайхамшигт барилга байгууламжуудаас сүрдэм том сац суваргууд л орчин цагийн инженер, технологийн тусламжгүйгээр сүндэрлэсэн цорын ганц байгууламж билээ. Олон мянганы турш эд л манай гараг дээрх хүний гараар бүтсэн хамгийн том бүтээл байв.

Сац суваргын тухай дуулаад ихэнх хүн Египетийн тухай боддог ч ганцхан энд л эл гайхамшиг байдаг гэвэл эндүүрэл. Геометрийн үүднээс сац суваргын суурь тэгш өнцөгт бөгөөд дөрвөн тал нь гурвалжин. Харин төгс хэлбэрт суварга тэгш өнцөгт суурьтайн дээр гурвалжин талууд нь тэнцүү талт хэсгүүдийг үүсгэнэ. Энэ нь геометрийн хамгийн бат бөх суурьтай дүрс юм. Ялангуяа нүсэр том барилга байгууламжид энэхүү дүрсийг эртнээс хэрэглэсээр иржээ. Олон янзын дүрс, хэлбэр бүхий сац суваргууд Египетээс гадна Төв Америк, Хятад, Грек зэрэг эртний түүхт газруудад олноороо бий. Тэдгээрийн дийлэнх нь аугаа удирдагч, эзэн хаадад зориулсан цогцолбор бол зарим нь сүм хийд юм. Египетийн сац суваргуудаас хавьгүй өргөн суурьтай Төв Америкийн суваргууд Майя, Ацтекийн хотуудад олноороо байсан бөгөөд олон зуун дамнан бүтээгджээ. Харин хэдхэн арван жилийн дотор бэлэн болдог байсан Египетийн сац суваргууд хот суурин газраас алслагдсан тусгай газар баригдсанаараа онцлог.

Хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн алдартай сац суваргууд Египетийнх. Эрдэмтэн Марк Лехнерийн тогтоосноор эртний Египетэд сац суваргыг мер гэдэг байжээ. Гизагийн их суварга Египетийн нутаг дахь хамгийн том нь бөгөөд 1300 онд Линкольны цогчин дуган ашиглалтад ортол дэлхийн хамгийн өндөр байгууламж байв. Эл суваргын суурь 52 мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлдэг. Гизагийн их суварга дэлхийн эртний долоон гайхамшгийн нэг бөгөөд тэдгээрээс бидний үед хүрсэн цорын ганц нь юм. Төгс шийдэлт чулуун байгууламжуудын тухай олны мэдэх баримтуудаас үл нуршин Египетийн сац суваргуудын тухай сонирхолтой цөөн баримт дэлгэе.

Египетийн сац суваргууд анхандаа сав хэлбэрт байгууламж байлаа. Харин Месопотамынх шиг шат, давхаргатай анхны суваргыг гуравдугаар эзэнт гүрний хаан Джосерт зориулж Саккарад барьжээ. Египетийн нутаг дахь анхны олон давхаргат суварга 146 метр өндөр, сууриараа 230 метр өргөн бөгөөд 65 сая тонн жин татах 2.3 сая ширхэг шоо шохойн чулуунаас бүрдэнэ. Эл суваргын дараахан Сносрру хаанд зориулж нийтийн тооллын өмнөх 2565 онд анхны эгц суваргыг Дахшурт бүтээжээ. Снофру хаан мөн Дахшур дахь анхны төгс хэлбэрт, уламжлалт суваргыг бариулсан бөгөөд энэ нь хожим Улаан суварга хэмээн алдаршсан юм. Сац суваргын дэлхий дээрх хамгийн том цогцолбор буюу Гизагийн гурвал мөн л Снофру хаантай холбоотой. НТӨ 2540 онд баригдсан эдгээр суварга түүний хүү Хеопс, ач хүү Хафра, жич хүү Микерин нарт зориулагджээ. Эдгээр нь Египетийн нутагт баригдсан хамгийн сүүлийн аварга суваргууд юм.

Улаан болон Гизагийн суваргуудын адил аварга чулуун байгууламжуудыг хэрхэн бүтээсэн тухай олон таамаг, онол байдаг ч барилгын нэг ч зураг, төсөл, баримт сэлт олдоогүй тул сац суваргуудын нууц өнөөг хүртэл тайлагдашгүй хэвээр байна. Харин аварга байгууламжуудтай холбоотой судалгаа, дүгнэлт үнэхээр гайхал төрүүлэм. Эрдэмтдийн тогтоосноор сац суваргын талууд өрнө, дорно болон умард, өмнөдтэй тэгш хэмд оршдог байна. Нэг үгээр, Египетийн сац суваргуудын дөрвөн тал ертөнцийн дөрвөн зүгийг эгц чиглэдэг. Гайхалтай нь, заримынх нь үл ялиг хазгай хоёр см-ээс хэтэрдэггүй гэнэ. Зарим судлаачдын таамаглаж буйгаар суваргыг бүтээгчид усан хэмжүүр ашиглажээ. Суваргуудыг хэрхэн бүтээсэн нь бүрэн тайлагдаагүй ч сонирхолтой баримт цөөнгүй бий. Тухайлбал, дээр дурдсан Гизагийн их суваргыг Асваны боржин, шохойн чулуу, наранд хатаасан Файюмын тоосго, Луксорын шохойгоор барьсан байна.

Төмер багаж байгаагүй тэр цагт ажилчид дунджаар 2.5 тонн шоо чулууг зэс, чулуун багажаар зөөж, суурилуулсан гэсэн үг. Цөлийн элсэнд олс уяа, урт мод нь ямар нэг дугуйт төхөөрөмжөөс илүү тохиромжтой хэрэгсэл байсан байж таарна. Тэгэхээр сац суварга бүтээх нүсэр ажлын ард эртний египет ажилчид хэрхэн гарсан нь сонирхолтой. Зарим судлаачдын тооцоолсноор тэд өдөрт 300 шоо чулууг суваргын орой руу зөөдөг байжээ. Эртний түүхч Херодотын тэмдэглэснээр нэг сац суварга бүтээхэд дор хаяж 100 мянга гаруй хүн оролцдог байв. Харин алдарт египет судлаач Марк Лехнер эл тоог үндэслэлгүй гээд нэг ч сац суваргын ойролцоогоос тийм тооны ажилчин байсан гэх баримт нотолгоо олдоогүй гэжээ. Саяхны нэгэн судалгаа уг тоог 2000 гаруйхан гэж дүгнэсэн. Нэг суваргыг бүтээхэд ийм тооны хүн хүчин зүтгэж байсан гэвэл нийт 30 мянга гаруй хүн хүн төрөлхтний гайхамшгуудын нэгийг цогцоор нь бүтээсэн гэсэн үг.


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start