Мо Янь
"Талхны үйрмэг"
Арван зургаатай байхад минь намайг мужийн багашаархан хотын тэргүүний сургуульд элсүүлж авсан юм. Энэ сургуульд элсэх нь их сургуульд элссэнтэй агаар нэг тул аавын баярласан гэж жигтэйхэн. Хүү нь их сургуульд орчихвол тогтсон ажил албатай болж, тариан талбайд бөхөлзөхгүй гэж бодсондоо л тэр.
Тэр үед манай хамаатнууд мөнөөх багашаархан хотоос мужийн төв рүү шилжих болж, байшин саваа аавд үлдээгээд, гахай үржүүл гэж зөвлөлөө. Хот манай тосгонтой харьцуулахад хүн олонтой, амьдрал ахуй сайтайн учир аав ч надад хань бараатай гэсээр дуртайяа ирсэнсэн.
Эхний семестрээ төгсөхөд аав байшингийнхаа дэргэд гахайн хороо босгоод, хэдэн торой худалдаж авлаа. Би долоо хоногийн тав хоногт сургуулийн дотуур байранд сууж, хагас бүтэн сайндаа аавынд очиход аав тэр хооронд тосгон орж гахайн тэжээл авчирна. Гэвч аавын сэтгэл зовоостой. Тосгоны гэрийн тэжээл зөөсөөр байгаад дуусч, нэмж худалдаж авах мөнгөгүйн дээр төв рүү шилжсэн хамаатнууд маань юм явуулах нь илт багасчээ. Гахайнууд маань өдрөөс өдөрт өссөөр.
Би ч багагүй санаа зовж байсан ч аавдаа туслах аргагүй байлаа. Тэгтэл нэг өдөр сургуулийн цайны газраас сурагчдын үлдээсэн мантуу, талхны үйрмэг нэлээн хаягддагийг олж мэдээд, түүгээр гахайгаа тэжээж болох тухай аавд дуулгавал аав “Сайхан санаа байна” гэж магнай тэнийн баярлаад, маргааш нь үйрмэг цуглуулахаар сургууль руу явав.
Би аавын сэтгэлийг хөнгөлсөндөө баярлах ч төдхөн харамсахад хүрнэ гэж хэн санах вэ. Ангийн хүүхдүүд маань аавын эвэршиж сайртсан гар хуруу, тос даасан толгойн алчуур, толбо тогтсон хувцас хунарыг нь шоолж “Гуйлгачдын хаан”, “Хар хаймар” гэж хочлох боллоо.
Тосгонд өссөн болохоор би тэр байтугайг тэсээд өнгөрөх ч аавыг минь шоолоход тэвчсэнгүй. Гэвч золоор сургуулийнхан энэ хүн миний аав гэдгийг мэдээгүй учраас ирэх бүрийд нь аль болох холдохыг хичээдэгсэн.
Гээд миний аав гэдгийг мэдчих вий, тэгээд намайг шоолох вий гэсэн айдаст хүлээстэй л явна. Тиймдээ ч нэг өдөр “Аав аа, ахиж сургууль дээр битгий ирээрэй. Хүүхдүүд мэдвэл шоолно шүү дээ...” гэчихлээ.
Аавын царай барайж, харанхуйд гаансных нь цог гялалзана. Чингээд удтал дуугүй суугаад “Би очсон ч чамтай ярихгүй ээ. Гахайгаа тэжээхгүй бол тарга тэвээрэг нэмэхгүй шүү дээ” гэлээ.
Нүднээс нулимс урсаж, аавыгаа өрөвдөвч ангийнхнаа шоолно гэх айдас бүхнийг дарна. Ингээд маргааш аавыг ирэхэд би ер тоосон шинжгүй ном уншиж суув. Аав ирэх бүрийдээ дүн бичсэн самбарыг ширтэж зогсдогсон. Сурлага сайтай болохоор миний дүнг харж сэтгэлээ зогоодог байсан биз ээ.
1996 оны тэр нэгэн өвөл би шалгалтын дүнгээр эхний гуравт жагсаж, нэлээн хэдэн нийтлэл бичсэн тул ангийн хуралд аавыг минь ирж оролц гэж урьдаг юм байна.
Талх, мантууны үйрмэг, хоолны үлдэгдэл түүдэг хүн угтаа манай аав гэдгийг мэдсэн хүүхдүүд намайг шоолох нь лав гэж санаад айж ичсэндээ аавдаа “Та хуралд очоод яах вэ. Би таныг өвдсөн гээд хэлчихье...” гэж билээ.
Аав царай зүс алдан цонхийсон ч дуугарсангүй.
Маргааш нь би цас туучин сургуульдаа ирээд ангидаа орж суулаа. Ангийн хурал ч эхэлж, инээд хөөр, алга таших нь сонстоно. Би гэдэг хүн толгой гудайн, дотор чичрээстэй. Аав аа, та яагаад гахай тэжээх болсон юм бэ? Сургуулийн цайны газрын үлдэгдлийг түүх хэрэгтэй юм гэж үү?
Багш нар, эцэг эхчүүдийн яриаг сонсохыг хүссэнгүй, цонхоор ширтлээ. Гэтэл бурхан минь! Талхны үйрмэг, хоолны үлдэгдэл түүдэг аав минь будрах цасанд дарагдан цонхны цаанаас энэ бүхэнд чих тавин сонсож зогслоо.
Нулимсаа барьж дийлсэнгүй. Ангиасаа гүйн гарч, аавыгаа дагуулсаар эргэж ирлээ. “Энэ манай аав” гэж хэлэхэд бүгдээрээ алга ташив.
Харих замдаа хоёр хувин үлдэгдэл барьж явсан аав минь “Өөрийгөө дорд үзэх хэрэггүй. Хүмүүс шоолох нь цаг зуурын л үзэгдэл. Хичээл зүтгэл байхад бүх юм болно доо” гэж захиж билээ.
Үүнээс хойш ангийнхан маань аавыг шоолж шоглосонгүй, хоолны үлдэгдлээ хувинд нь хийж өгдөг болсон юм.
1997 онд би мужийн төвийн их сургуульд орж аав намайг хүргэж өгөхөд тосгоны бүдүүн баараг хувцастайдаа олноос илт ялгарч байсан ч ер ичиж санаа зовсонгүй. Хаа ч явсан өөрийгөө тоож, ихэд үзсэн хүмүүс мундахгүйн учир шоолуулж, элдвээр хэлүүлэх нь гарцаагүй. Хүмүүс шоолох нь цаг зуурын л үзэгдэл. Хичээл зүтгэл байхад бүх юм болно доо гэх аавын үг одоо ч сэтгэлд хадаатай л явнам.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.